Эхийн Сэтгэл

Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг цасан гоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлэхэд нь итгэдэг байжээ. Охин цав цагаахан царайтай, мойл хар нүдтэй гэнээ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд нь итгэсэнгүй, учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд яалт ч үгүй бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа, нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядах сэтгэлээр солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг хайрлах хүн байсангүй. Дээр нь хэчнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо бичиж үлдээгээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн, охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуйн дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга л байлаа. Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг харахыг илүү хүсчээ. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга нь оргүй алга болж, монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан эмчийг тэврэн авч "Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна. Миний нүүрний өө сэв үлдсэнгүй, та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу хэмээн хашгирлаа" Эмч хариуд нь:

     -Үгүй, охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээгээд инээмсэглэжээ.       

Мотоциклын осол

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтой давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.

Залуу: Сайхан л байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм бишүү.

Бүсгүй: Гуйж байна, хурдаа багасгаач дээ.

Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ.

Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь хурдаа жаахан багасгал даа.

Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч дээ.

Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.

Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ.

Мотоциклийн осол, тоормос нь эвдэрснээс болж мотоциклтой 2 хүн байшин мөргөж ээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ.

Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа.

Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тоормос нь эвдэрснийг хайртай бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ өмсүүлээд өөрөө амиа алджээ.

Хүн Чанар

Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш хаалгаар орж ирлээ. Сурагчид руу айхтар харж байснаа хичээлээ зааж эхлэв.

Багш самбар дээр томоос том "1" гэсэн тоо бичээд:

-Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд "1"-ийн ард "0" нэмж бичээд:

-Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна гэлээ. Дахин "0" нэмж бичээд:

-Энэ бол туршлага. "10"-ыг "100" болгож болно. Тэгүүд цааш үргэлжилсээр... Чадвар, Сахилга бат, Хайр сэтгэл гээд л... Тэгсэн ээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн "1"-ийн тоог арилгаж орхив. Тэгхэд самбар дээр маш олон тэгүүд үлдэв. Эцэст нь багш: 

-Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэв. Сурагчид үүнийг сонсоод бүгд нам гүм...

 

 

Хайртаасаа Хагацах нь

Түүнтэй анх танилцсан үе...10 жилийн сургуулийн сурагч дөнгөж 14-хөн настай байсан. Харин түүний насыг бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. Анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэнэ. Зөвхөн түүнтэй л сэтгэлээ баясгадаг байлаа. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Гэрийнхнээсээ тас нууна. Эхэндээ хүнгүй газар цөөхөн уулздаг байснаа сүүлдээ байнга цуг явдаг боллоо. Тиймээ, би түүнд хайртай байлаа. Гэсэн ч "үгүй яамар бариад хүлчихсэн биш дээ, хүссэн үедээ л хаяна" гэж боддог байлаа. гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч, нэг удаа түүнтэй орондоо хамт байхдаа баригдсан юм. Ээж маань ууралсан ч үгүй, загнасан ч үгүй. Харин баахан сургааль айлдав. Түүнтэй хамт байхыг минь бүү хориглооч хэмээн ээжээсээ уйлан байж гуйлаа. Хэдэн жилийн дараа бид бие биедээ чухамдаа би түүнд хэт татагдсан байжээ. Харин би түүнд үнэхээр сонин биш байсан юм. Би түүнд бүхнээ зориулдаг байлаа. Тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал өгдөг байжээ. Харин би бүх юмаа... Түүний төлөө үргэлж хүмүүстэй муудалцаж, бас өвчтэй ч боллоо. Эхлээд түүнийг хайралдаг байсан бол дараа нь үзэн ядаж сурлаа. Хамт байхад хүсэхгүй байхад минь ч тэр үргэлж надтай цуг байдаг байв. Заримдаа түүнийг хайж, олсны дараа санаж үхэх шахсан амьтан баярлан уулздаг байсан юм. Найзуудын маань ихэнх нь түүнийг үзэн яддаг байлаа. Заримдаа би өөрөө ч хүртэл гар хуруу, бие, үсэнд минь шингэсэн түүний үнэрийг үзэн яддаг болов. Уруул минь хүрэх тоолонд тэр надаас ямар нэгэн юм аваад оддог байлаа. Тэр үргэлж өнгөжин жавхаажиж байсан бол би гэдэг хүн улам муудсаар... Гэвч салж чадахгүй хэвээр, уг нь олон удаа салахыг оролдсон боловч дахин уулзсан учирал бүхэн урьдынхаасаа илүү сайхан байдаг байлаа. Түүнийг үгүйд байж суух маш хэцүү болж эхлээд хумсаа хэмлэж, дараа нь самар цөмнө. Хагацсанаасаа болж жин нэмж эхэлсэн юм. Магадгүй та итгэхгүй байх л даа. Одоо ч гэсэн дэргэд минь байж л байна. Гэвч та бүхнийхээ өмнө андгай тангараг өргөж түүнээс хагацъя "нэг бол тэр намайг үгүй хийнэ, эс бол би тамхийг хаяна"...

(Нийт: 4)